Зохиогчдод зориулав
Тавигдах шаардлага
- 1. Сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл нь урьд өмнө ямар нэг байдлаар нийтлэгдэж байгаагүй, нийтийн хүртээл болоогүй байна.
- 2. “Төрийн удирдлага” сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь журамд заасан агуулга, судалгааны чиглэлийн хүрээнд бичигдсэн байна.
- 3. Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг “АРА (American Psychological Association) 7th Edition” загварын бүтэц болон эшлэлийн шаардлагыг баримтлан, монгол болон англи хэлээр бичиж болно.
- 4. Зохиогч бүтээлээ илгээхийн өмнө “Нягтлах хуудас”-ын дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахаас гадна бичвэрийн утга найруулга, дүрмийн алдааг хянасан байна.
- 5. Сэтгүүлд бүтээлээ ирүүлэх цахим хаяг: jpa@naog.edu.mn
А ХЭСЭГ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэд тавигдах шаардлага
1.1. Өгүүллийн гарчиг
1.2. Зохиогчийн овог, нэр
1.3. Байгууллагын нэр
1.4. Холбоо барих зохиогчийн цахим хаяг
1.5. Хураангуй: Өгүүлэл англи хэлээр бичигдсэн тохиолдолд хураангуйг монгол, англи хэл дээр, харин монгол хэлээр бичигдсэн тохиолдолд хураангуйг англи хэл дээр 150-250 үгэнд багтаан бичнэ. Хураангуйд Aкадемийн бичлэгийн стандартад тусгасан “АPA 7th Edition”-д заасны дагуу тус судалгааны ажлын гол зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт хэсгээс товч тодорхой дурдаж, уг судалгааны ажлаар шийдвэрлэсэн асуудал, судалгааны онол, практикийн ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудал, шинэлэг талыг хураангуйлан бичнэ.
1.6. Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг хураангуй хэсгийн доод талд бичих ба 5-аас илүүгүй үг байна. Тухайн өгүүллийн гол агуулгыг илэрхийлсэн нэр үг байх бөгөөд ганц тоон дээр бичнэ.
1.7. Оршил: Оршилд судалгааны асуудал, зорилго, асуулт, зорилт (дэвшүүлсэн таамаглал), тухайн асуудлын судлагдсан байдал (эшлэл авах), тулгамдаж буй асуудал, судалгааны ач холбогдол, бүтэц, нэр томьёоны тайлбар, дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг талыг тусгана.
1.8. Судалгааны арга зүй: Тухайн судалгаанд ашигласан арга зүйг дэлгэрэнгүй бичих бөгөөд судалгааны ямар арга ашигласан, өгөгдөл хэрхэн цуглуулж, түүнд хэрхэн шинжилгээ хийсэн зэрэг судалгааны үе шатыг хэрхэн зохион байгуулсан талаар ойлгомжтой тусгана. Үүнд: судалгаанд ашигласан арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан газар, хугацаа, задлан шинжилсэн аргачлал, үр дүн гэх мэт хэсэг багтана.
1.9. Судалгааны үр дүн: Тухайн судалгааны арга зүйн дагуу судалгаа, шинжилгээ хийж ямар үр дүн гарсан, тэдгээр нь бусад судлаачдынхаас ямар ялгаатай, ямар сул болон давуу талтай болохыг зөвхөн тухайн сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Судалгааны үр дүнг бичихдээ зураг, график, хүснэгт, диаграмм ашиглах бөгөөд тэдгээрийн тайлбарыг тодорхой, ойлгомжтой бичнэ.
1.10. Хэлэлцүүлэг: Энэ хэсэгт тухайн ажлын хүрээнд гарсан үндсэн дүгнэлтүүдийг цаашид хэрхэн өргөжүүлэх, сайжруулах боломжтой болон бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ.
1.11. Дүгнэлт: Судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-арга зүйн болон практик ач холбогдол, салбарт оруулж буй хувь нэмэр болон цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгана.
1.12. Талархал: Тухайн судалгааг явуулж, тодорхой үр дүн гаргахад туслалцаа үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, эрдэмтэн, судлаач, багш нар болон судалгааны ажлыг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллага, төслийн нэр, дугаар зэргийг уг хэсэгт дурдаж болно.
1.13. Ашигласан эх сурвалж: Тухайн өгүүлэлд эшлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, товхимол, тайланг ашигласан эх сурвалжийн жагсаалтад оруулж, монгол-англи-бусад хэл дээрх эх сурвалж гэсэн дарааллыг баримтлан бичнэ.
Хоёр. Өгүүллийн бичвэрт тавигдах шаардлага
2.1. Цаас, хуудасны хэмжээ, хуудасны дугаар: Өгүүллийн үндсэн бичвэрийг “Microsoft word” программыг ашиглан 10 хуудаст багтааж дараах стандартын дагуу бичнэ. Үүнд:
- Цаасны хэмжээ: 21.0 см x 29.7 см (A4)
- Хуудасны бичвэрийн талбайн тохируулга бүх талаас 2.54 см зайтай байна.
- Бүх хуудасны баруун дээд буланд хуудасны дугаар оруулна.
2.2. Өгүүллийн гарчиг: Өгүүллийн гарчгийг “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр, тодруулан (bold), мөр голлон нэг баганад бичнэ. Гарчиг болон үндсэн бичвэрийн хооронд 2 мөрийн зай хадгална. Өгүүллийн гарчигт дэд гарчиг байгаа тохиолдолд нэг мөрөнд бичигдэнэ. “:” буюу тодорхойлох тэмдэг ашиглан гарчиг, дэд гарчгийг салгана. Улс, газар нутаг зэрэг оноосон нэр орсноос бусад тохиолдолд өгүүллийн гарчгийг томоор эхэлж хоёр дахь болон түүнээс хойших үгийг жижгээр бичнэ. Энэ нь англи, монгол гарчгийн хоёуланд нь үйлчилнэ.
2.3. Гарчиг: Бүлгийн гарчгийг “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр тодруулна (bold). 1-р түвшний дэд гарчгийг (level 1 heading) төвийн эгнээнд зэрэгцүүлнэ. 2-3 түвшний дэд гарчиг бол зүүн талын эгнээнд (flush left) зэрэгцүүлнэ. 4-5 түвшний гарчгийг шинэ догол мөрөнд (indented) бичнэ. Өгүүлэл нь оршил, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, талархал, ашигласан эх сурвалж гэсэн бүлгүүдийг зайлшгүй агуулсан байна. Гарчигт ямар нэгэн үсгэн болон тоон дугаар (A,B,C.,1., 2.1., I., II., III. гэх мэт) оруулахгүй.
2.4. Зохиогчийн нэр: Зохиогч(ид)-ын овог, нэрийг өгүүллийн гарчгийн доор байрлуулж, “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр мөр тэгшлэн, мөр хоорондын болон мөрний дээд, доод зай (double spacing) хэлбэрээр бичнэ. Зохиогчийн овгийн нэр болон өөрийн нэрийг бүтнээр бичихийг анхаарна уу. Олон зохиогчтой бол дугаарлахгүй, дараалуулан бичнэ. Жишээ нь, зохиогчдын нэрсийг:
Намдагийн Азжаргал, Жүгдэрийн Дэлгэрмаа г.м
Azjargal Namdag, Delgermaa Jugder г.м
2.5. Байгууллагын нэр: Байгууллагын нэрийг товчлохгүй бөгөөд зохиогчийн нэрийн доор зай авахгүйгээр тухайн зохиогчийн харьяалагдаж буй байгууллагын нэр, аймаг/хот, улсын нэр гэсэн дараалалтайгаар “Times New Roman” фонтоор, 12 үсгийн өндөртэй, байгууллага болон аймаг/хотын нэрний эхний үсийг томоор, мөрийг төвд тэгшлэн бичнэ.
2.6. Холбоо барих зохиогчийн цахим хаяг: Зохиогчийн цахим хаяг, холбоо барих мэдээллийг “Зохиогчийн тайлбар” (Author Note) хэсэгт бичнэ. Энэ хэсэг нь гарчгийн хуудасны доод хэсэгт (хөл бичиглэлээр бичигдэх) эсвэл тусдаа хуудсанд байрлана.
2.7. Хураангуй: Бүтээлийн хураангуйг “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр, мөр хоорондын зай “2 lines” хэмжээтэй байна.
2.8. Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэй, хураангуйн доод хэсэгт 1 мөрийн “1 line” зайтай бичнэ. Бүгд жижиг үсгээр эхэлж, ташуу “Italic” хэлбэрээр, таслал авч цувуулж бичнэ.
2.9. Үндсэн бичвэрийг “Times New Roman” фонтоор, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай “2 lines” хэмжээтэй бичнэ.
2.10. Олон улсын SI хэмжих нэгжийн систем-ийг ашиглана. Тухайлбал хэмжигдэхүүнийг см, мм, г, га гэх мэт нэгжээр бичихдээ хоосон зай эсвэл цэг, таслал ашиглахгүй. Гэхдээ тоо болон нэгжийг хооронд нь нэг хоосон зайгаар заавал тусгаарласан байна (жишээлбэл, 3 см гэх мэт). Хүснэгт болон зурагт хувийг тэмдэгт (%)-ээр үзүүлэх бөгөөд ялгах тэмдэг болон тооноос нь хоосон зай авалгүй залгаж бичнэ (жишээлбэл 100%). Салбарт холбогдох бусад нэр томьёо нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлагдсан байхыг чухалчилна. Нэгээс арав хүртэлх тоог өгүүлбэрт үсгээр бичнэ, харин 11 болон түүнээс дээш тоог өгүүлбэрт тоогоор бичнэ. Үүнд (а) хэрвээ өгүүлбэр тоогоор эхэлж байвал, (б) мөн тоо нь нэгжтэй байвал энэ зарчмыг мөрдөхгүй (5 кг). Сая, мянга гэх мэт тоог тэмдэглэхдээ таслал эсвэл цэгийг хэрэглэхгүй зөвхөн хоосон зай авна (10 000; ₮5 000 гэх мэт).
2.11. Гэрэл зураг, гар зураг, хүснэгт нь өнгөт, хар цагаан байж болно. Зургийн нягтрал 300-600 dpi-тай байна. Scanner ашиглаж тоон хэлбэрт оруулсан бүдүүвч болон фото зургийг 300-600 dpi нягтшилтай JPEG, TIFF, PNG өргөтгөлтэй буулгаж бичвэрийн дотор мөрийн төв хэсэгт байрлуулна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий бичвэрийн үсгийн өндөртэй тэнцүү буюу 85 хувиас багагүй байна. Зургийн хэлбэр хэмжээ нь дүрслэлийн хувьд тохирохуйц байх ёстой. Зургийн өргөн нь нэг эсвэл хоёр баганад тохирох хэмжээтэй байна. Зургийн дугаарлалтыг (Зураг 1.) гэсэн хэлбэртэйгээр, тайлбарыг “Times New Roman” фонтоор, 10 pt үсгийн өндөртэйгөөр тухайн зургийн дор мөр голлуулан бичнэ.
2.12. Хүснэгтийг “Microsoft Word” программын “Table” функцийг ашиглан бэлтгэнэ. Хүснэгтийн дугаар болон гарчгийг хүснэгтийн дээд талд ижил шугамд байрлуулна. Дугаарлалтыг (Хүснэгт 1.) гэсэн хэлбэртэйгээр, нэршлийг “Times New Roman” фонтоор, 10 pt үсгийн өндөртэйгөөр тухайн хүснэгтийн дээр мөр голлуулан бичнэ. Хүснэгтэд босоо болон хөндлөн шугамуудыг бүрэн ашиглана. Хүснэгтийн зүүлт (note) 9 pt үсгийн өндөртэйгөөр “Italic” хэлбэрээр, тайлбарыг жирийн (Plain text) хэлбэрээр бичнэ. Хүснэгтийн зүүлт тайлбар бүр шинэ мөрнөөс эхэлнэ. Магадлалыг дараах байдлаар харуулж болно: p < 0.10; *p < 0.05; **p < 0.01; ***p < 0.001. Хүснэгтийн эхний мөр дэх нэршлүүдийг бичсэн мөрний дэвсгэр өнгийг Blue accent: 1 (R: 91, G: 155, B: 213)-аар авч, тухайн мөр дэх бичвэрийг цагаан өнгөөр бичиж, тодруулах (Bold) шаардлагатай.
2.13. Зураг, бүдүүвчийн тайлбарыг тэдгээрийн доод талд голлуулан бичиж, дугаарыг түүний өмнө тавина.
2.14. Нийт зураг, хүснэгтийн тоог 8-аас хэтрэхгүй байхаар хязгаарлах, нэмэлт материалд холбогдох хүснэгт, зургийг оруулах бөгөөд хэт том хэмжээтэй хүснэгт оруулахаас татгалзана.
2.15. Томьёог “Microsoft Word”-ын “Equation” программыг ашиглан бичих бөгөөд математик илэрхийллийн үсгийн өндөр нь 10 pt хэмжээтэй байх ба мөр голлон бичнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтад бичнэ (1).
2.16. Товчлолыг ашиглахдаа эхний удаа бүрэн утгыг илэрхийлсэн байх ёстой. Жишээ нь: Удирдлагын академи (УА). Тэмдэглэгээ хийхдээ товчилсон үгэнд цэгийг ашиглахгүй. Жишээ нь УА гэж бичих бөгөөд У.А. гэж бичихгүй. Өгүүлэлд улс орны нэрийг товчлохгүй. Жишээ нь, Америкийн Нэгдсэн Улс гэж бичих бөгөөд АНУ гэж бичихгүй.
2.17. Өгүүлэл нь монгол хэлний найруулга зүй, зөв бичих дүрмийн шаардлага (англи хэлээр бол тухайн хэлний бичлэгийн шаардлага)-ыг бүрэн хангасан байна.
Гурав. Өгүүллийн бичвэрт эшлэл авах, ашигласан материалын жагсаалтад тавигдах шаардлага
3.1. Эшлэл авсан ном зохиолын жагсаалтыг “Эх сурвалжийн жагсаалт” гэсэн гарчиг тавьж “Times New Roman” фонтоор, 12 pt үсгийн өндөртэй бичнэ. Талархал хэсгийн дараа тусгана.
3.2. Богино эшлэлийг давхар хашилт дотор бичнэ. Урт эшлэлийг хашилтгүй, шинэ догол мөрнөөс, зүүн талын захаас 2.54 см үлдээн, мөр хооронд 2 мөрийн зайтай бичнэ. Өгүүлбэрийн төгсгөлд дугуй хашилт дотор зохиогчийн овог, он, хуудасны дугаарыг бичнэ. Нэг зохиогчтой бөгөөд эх сурвалжаас зохиогчийн бичсэнийг эшилсэн бол хуудасны дугаар тавина (Smith, 2020, p. 15). Эшлэл болгон агуулгыг ерөнхийлж бичсэн бол хуудасны дугаар тавихгүй (Smith, 2020), Хоёр болон түүнээс дээш зохиогчтой бол (Smith & Brown, 2021), гурваас дээш бол (Smith et al., 2022) гэж бичнэ.
3.3. Ашигласан эх сурвалжийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар оруулна.
3.4. Зохиогч нь өөрийн бусад бүтээлээс эшлэл авсан бол энэ нь нийт эшлэл авсан бүтээлийн 15 хувиас хэтрэхгүй байна.
3.5. Эх сурвалжийн жагсаалтыг APA эшлэлийн загварын дагуу гаргана. Zotero, Mendeley зэрэг программуудыг ашиглаж болно. “APA 7th Edition” загварын дагуу дараах бүтэцтэй бичнэ: Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Гарчиг. Сэтгүүлийн нэр, боть (дугаар), хуудас. DOI, URL. https://doi.org/xxxx.
Б ХЭСЭГ: БУСАД ТӨРЛИЙН БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА Ерөнхий редакторын тайлбар
| Ерөнхий редакторын тайлбар | Судалгааны тэмдэглэл | Номын шүүмж | Бодрол эссэ | |
|---|---|---|---|---|
| Ерөнхий шинж | Нийтлэл, сэтгүүл, эсвэл номын өмнөтгөл хэлбэрээр уншигчдад чиглэсэн удиртгал шинжтэй бичвэр юм. | Судалгааны явцын үр дүн, бүтэн өгүүлэл болгон хэвлүүлэхэд хараахан гүйцэд бус судалгааны мэдээлэл. | Номын агуулга, чанар, хэлбэр, үнэ цэнийг үнэлж дүгнэсэн бичвэр. | Хувь хүний үзэл бодол, туршлага дээр үндэслэсэн, гүн утга агуулсан бичвэр. |
| Зорилго | Уншигчдад тухайн дугаарын гол санаа, онцлогийг танилцуулах. | Судалгааны явцын үр дүнг уншигчдад хүргэх. | Номыг шинжлэх ухаанчаар задлан дүгнэх, уншигчдад ойлголт өгөх. | Уншигчдад нэг асуудал, сэдвийн талаар гүнзгий эргэцүүлэх боломж олгох. |
| Агуулга |
|
|
|
|
| Хэмжээ | 500-1000 үг | 1500-3500 үг | 800-1500 үг | 800-1200 үг |
| Утга найруулга | Товч, тодорхой | Судалгааны өгүүллийн нарийн бүтцийн дагуу биш, агуулгыг тэмдэглэлийн хэлбэрээр илэрхийлсэн байх ч судалгааны үг хэллэгийг ашиглан, логик дараалал, үндэслэлтэй | Судалгааны маягийн, логиктой, үндэслэлтэй | Чөлөөт, уран дүрслэлтэй, илэрхийлэмж сайтай |