Нийтлэлийн бодлого
Сэтгүүлд дараах чиглэлээр бүтээл хүлээн авч, давхар нууцлалтай хөндлөнгийн хянан магадалгаа хийсний үндсэн дээр хэвлэн нийтэлнэ.
- Монгол Улсын төрийн захиргааны уламжлал, шинэчлэл, хандлагын асуудал
- Нутгийн өөрийн удирдлагын асуудал
- Төрийн захиргааны шинэ парадигм, хэрэгжилтийн асуудал
- Төрийн байгуулал, улс төр судлалын асуудал
- Төрийн бодлогын онол, арга зүйн асуудал
- Монгол Улсын гадаад, дотоод бодлогын асуудал
- Төрийн үйлчилгээний салбарын удирдлага, зохицуулалтын асуудал
- Төрийн алба, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын асуудал
- Төрийн эдийн засаг, төсөв, санхүүгийн удирдлагын асуудал
- Захиргааны эрх зүй, процесс
- Онол, арга зүйн судалгааны өгүүлэл
- Судалгааны бүтээлийн албан ёсны орчуулга
- Ном, бүтээлийн тойм, шүүмж
- Бусад төрлийн бүтээл
Сэтгүүлд нийтлүүлэх бүтээлийн төрөл нь:
Сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэх нь үнэ төлбөргүй.
Сэтгүүлд бүтээлээ ирүүлэх цахим хаяг : jpa@naog.edu.mn
Хэвлэн нийтлэх үйл явц
Сэтгүүлд ирүүлсэн бүтээлийг Сэтгүүлийн зөвлөл хүлээн аваад хуулбарлалтыг шалгах програм ашиглан шалгаж, бүтээлд тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзээд хөндлөнгийн хянан магадалгаа хийлгүүлэхээр шилжүүлэх. Эсвэл буцаах асуудлыг эсэхийг шийдвэрлэнэ. Хуулбарласан, зохиогчийн эрх зөрчсөн, бүтээлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзвэл Сэтгүүлийн зөвлөл бүтээлийг зохиогчид буцаана.
Шаардлага хангасан гэж үзвэл зохиогчийн нэр, хаяг, бусад мэдээллийг чандлан нууцалж, тухайн чиглэлээр мэргэшсэн 2 хянан магадлагчид өгч магадалгаа гаргуулан авна. Хянан магадлагчид нь уг бүтээлийг нийтлэх, засварлах, эсвэл буцаах эсэх талаар санал гаргана.
Уг магадалгаанд үндэслэн Сэтгүүлийн зөвлөл бүтээлийг нийтлэх, эсвэл буцаах тухай шийдвэрийг гаргана. Нийтлэх бол Сэтгүүлийн зөвлөлөөс томилогдсон, тухайн дугаарыг эрхлэх гишүүн хянан магадлагчаас өгсөн зөвлөмжийг тусгасан эсэх, тавигдах бусад шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэж, хэвлэн нийтлэх зөвшөөрөл олгоно.
Бүтээлийг хэвлэн нийтлэх болсон талаар зохиогчид мэдэгдэх бөгөөд бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр нэгэн зэрэг нийтийн хүртээл болгоно.
Нээлттэй хандалттай сэтгүүл болох нь
Төрийн удирдлага сэтгүүл нь эрдэм шинжилгээний бүрэн нээлттэй хандалттай сэтгүүл юм. Сэтгүүлд нийтлэгдсэн бүх бүтээл нь албан ёсоор нийтлэгдсэн даруйд чөлөөтэй, байнгын нээлттэй байх бөгөөд ямар нэг төлбөр, бүртгэл, хязгаарлалт шаардахгүй.
Нээлттэй хандалттай сэтгүүлийн нэгдсэн жагсаалт DOAJ-д тусгагдсан нээлттэй хандалтын тодорхойлолтыг баримтална. Хэрэглэгчид энэ сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлийг унших, татаж авах, хуулбарлах, түгээх, хэвлэх, хайлт хийх, өгүүллийн бүрэн эхэд холбоос үүсгэх, индексжүүлэх зорилгоор өгөгдлийн санд бүртгэх болон хууль тогтоомжид нийцсэн бусад хэлбэрээр санхүүгийн, эрх зүйн, техникийн ямар нэг саадгүйгээр ашиглах эрхтэй.
Бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчид хадгалагдана. Бүтээлийг CC BY 4.0лицензийн нөхцлийн дагуу ямар ч хэлбэрээр, хязгаарлалтгүйгээр ашиглах, түгээх, дахин нийтлэхийг зөвшөөрөх бөгөөд эх бүтээлийг зохих журмын дагуу эш татах үүрэгтэй.
Нийтлэгдсэн бүтээлд шууд хандах, дахин ашиглах боломжтой. Эмбарго хугацаа байхгүй.
Зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал
Сэтгүүлд нийтлүүлэх бүтээлийн оюуны өмчийн эрх нь зохиогчид хадгалагдах бөгөөд зохиогч нь өөрийн бүтээлийг гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй, эх сурвалжийг зохих журмын дагуу эшилсэн, хуулбарлаагүй болохыг баталгаажуулна. Зохиогч нь бүтээлдээ ашигласан бүх эх сурвалж, хүснэгт, зураг, график, өгөгдөл зэрэгт холбогдох зөвшөөрлийг авсан байх үүрэгтэй. Хэрэв оюуны өмчийн маргаан үүсвэл тухайн хариуцлагыг зохиогч бүрэн хүлээнэ.
Сэтгүүл нь оюуны өмчийн зөрчил (өөрийн өмнө нийтэлсэн бүтээлийг давтан нийтлэх, зохиогчийн эрх зөрчих зэрэг) илэрсэн тохиолдолд тухайн өгүүллийг буцаах, нийтэлсэн тохиолдолд хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авах эрхтэй.