Иргэдийн оролцооны уламжлалд холбогдох зарим судалгааны үр дүн

Зохиогчийн тухай

Б.Ганцоож, магистр

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш

Түлхүүр үг: Ардчилал, засаглал, иргэдийн оролцоо, түүхэн уламжлал, төр–иргэний харилцаа, ард нийтийн санал асуулга, бүтээн байгуулалт

Хураангуй

Энэхүү өгүүлэл нь Монголын түүхэн хөгжлийн үе шатуудад иргэдийн оролцоо ямар хэлбэрээр илэрч, төрийн байгуулалт, засаглалын үйл явцтай хэрхэн уялдан хөгжиж ирснийг судлан, орчин үеийн ардчилал, засаглалын зарчмуудын хүрээнд иргэдийн оролцооны уламжлалыг хэрхэн тусган хөгжүүлэх боломжийг судлахыг зорьсон болно. Монголын иргэдийн оролцооны уламжлалыг тодорхойлохын тулд түүхэн судалгааны арга, баримт бичгийн аргаар мэдээлэл цуглуулж, агуулгын шинжилгээ, харьцуулсан шинжилгээний аргыг хослуулан ашиглав. Монгол Улсын түүхэн хөгжлийн явц дахь иргэдийн оролцооны хэлбэр, институц нь улс төр, засаглалын тогтолцооны өөрчлөлттэй уялдан үе шат бүрт өөр өөр онцлогтойгоор хувьсан хөгжиж иржээ. Тухайлбал, Эрт болон дундад үед нүүдэлчдийн нийгмийн бүтцэд суурилсан аравтын зохион байгуулалт, цэргийн алба, өртөө гувчуур зэрэг хэлбэрээр иргэдийн үүрэг, оролцоо илэрч байсан бол Манж Чин улсын үеэс захиргааны тогтолцооны шинэ бүтэц, хамжлага, шавийн харилцаа зэрэг институц нь иргэдийн төр–улстай харилцах боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байжээ. Харин ХХ зууны дунд үеийн “Бүтээн байгуулалтын” жилүүдэд хамтын хөдөлмөр, эв эе, бүтээлч идэвх нь иргэдийн оролцооны шинэ хэлбэрийг бий болгож, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна. Түүнчлэн 1945 оны “Ард нийтийн санал асуулга” нь иргэдийн улс төрийн оролцооны түүхэн оргил болж, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгааг ард түмний хүсэл зориг дээр тулгуурлан нотолсон түүхэн жишээ болжээ. Монгол Улс 1990-ээд оноос ардчилсан тогтолцоонд шилжсэнээр иргэдийн оролцоо хууль, эрх зүйн шинэ суурьтай болж, Үндсэн хуулиар шууд болон төлөөллийн ардчиллын механизмуудыг баталгаажуулсан ч уламжлалт хамтын оролцооны үнэт зүйлсийг орхигдуулсан, гадны загварыг шууд хуулбарлах хандлага нэмэгдсэн нь төр–иргэний харилцааг тодорхой хэмжээнд сулруулжээ. Үүний улмаас иргэдийн идэвх буурах, хувийн ашиг сонирхол давамгайлах, төрд итгэх итгэл сулрах зэрэг үзэгдлийн шалтгаан болж буй судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн чухал дүгнэлт болж байна. Мөн уламжлалт оролцооны механизм, түүний нийгэм-улс төрийн ач холбогдол, орчин үеийн бодлогод уялдуулах боломжийг судалсан эмпирик судалгаа хомс байгаа нь энэ чиглэлийн судалгааны бодит хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Батсүх Ш., Г. Б. (2017). Шууд ардчилал, иргэдийн оролцоо. Ардчиллын хөгжил – иргэний оролцоо. Улаанбаатар хот: Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль.

Батсүх Ш., Д. Я. (2014). Шууд ардчилал – Иргэний оролцоо: Иргэний танхим, Орон нутгийн хөгжлийн сан. Улаанбаатар хот: Конрад-Аденауэр-Сан, Удирдлагын академи.

Билэгсайхан Т. (2020). Нийгэм журмын өмнөх үеийн Монгол төрийн албан дахь иргэдийн оролцооны зарим асуудал. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг.

Долгоржав Я. (2017). Монгол Улсын Үндсэн хууль (1992)-ийн зарим нэр томьёо, түүний агуулгыг орчин цагт нийцүүлэх шаардлага, Төрийн удирдлага сэтгүүл, №1. Удирдлагын академи.

Латтимор О., (. Ц. (2019). Нүүдэлчид ба хувьсгалчид. Монголд эргэн зочилсон нь. Улаанбаатар.

Пунсалдулам Б. (2020). XX зууны бүтээн байгуулалтад ард иргэд идэвхтэй оролцсон нь. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг. Улаанбаатар хот: Удирдлагын академи, Иргэний оролцоо II төсөл.

Хишигт Н. (2020). 1945 оны бүх нийтийн санал асуулга: иргэдийн оролцоо, дэмжлэг. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг.

Цэрэнчимэд О., Г. Б. (2019). Засаглал дахь иргэдийн оролцоо. Иргэдийн оролцоо чуулган. Улаанбаатар хот: Удирдлагын академи, Конрад-Аденауэр-Сан.

Чулуунбаатар Г. (2020). Монгол дахь иргэдийн оролцоо ба зөвлөлдөх ардчилал. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг.