Сонгогчийн бие хүний хэв шинж ба улс төрийн оролцооны хамаарал
Зохиогчийн тухай
П.Түмэнцэцэг
МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн докторант
Б.Хишигням, доктор, дэд профессор
МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш
Б.Баярбаатар
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн докторант
Түлхүүр үг: Бие хүний хэв шинж, улс төрийн оролцоо, сонгуулийн оролцоо, жагсаал цуглааны оролцоо, улс төрийн сонирхол, улс төрийн үр нөлөө, улс төрийн мэдлэг, улс төрийн итгэл үнэмшил
Хураангуй
Улс төрийн оролцоонд үзүүлэх сонгогчийн бие хүний хэв шинжийн шууд болон дам нөлөөг тодорхойлох зорилгоор уг судалгааны ажлыг хийлээ. Улс төрийн оролцоог сонгуульд болон жагсаал цуглаан дахь оролцоогоор тодорхойлов. Дам нөлөөг судлахдаа улс төрийн сонирхол, улс төрийн үр нөлөөг завсрын хувьсагч болгон судалсан болно. Улс төрийн сонирхлыг бусадтай улс төрийн талаар хэлэлцдэг, ярилцдаг байдлаар; улс төрийн үр нөлөөг улс төрийн мэдлэг болон улс төрийн итгэл үнэмшлээр судаллаа. Судалгаанд Баянгол дүүргийн 18 болон түүнээс дээш насны нийт 500 хүнийг (эрэгтэй 49 хувь, эмэгтэй 51 хувь) хамруулсан. Судалгаанд бие хүний хэв шинжийг тодорхойлох “Том тав” (The Big 5) сэтгэл зүйн тест, анкетын аргыг ашиглаж, тоон мэдээлэлд регрессийн шинжилгээ хийж, SPSS AMOS программыг ашиглан үл хамаарах хувьсагч, завсрын хувьсагч болон хамаарах хувьсагчийн хамаарлын зураглалыг гаргав. Экстраверт, ухамсартай байдлын хэв шинж өндөр байх тусам улс төрийн талаар бусад хэв шинжийн хүмүүсээс илүүтэй их ярилцдаг. Үүнийгээ дагаад улс төрийн сонирхол нь нэмэгдэн сонгуулийн оролцоо өндөр болно. Харин нийцтэй байдал нь бага байх тусам хүмүүстэй улс төрийн талаар яриа ярилцдаг, улс төрд сонирхолтой байж сонгуулийн оролцоо өндөр байна. Туршлагад нээлттэй бие хүний хэв шинж давамгайлах тусам улс төрийн сонирхол нэмэгдэж, тэр хэрээрээ жагсаалд оролцох магадлал нэмэгдэж байна. Невротизмын хэв шинж давамгайлсан хүмүүс улс төрийн үйл явцад нөлөөлж чадахгүй гэж үздэг бол харин туршлагад нээлттэй, нийцтэй байдал их байх тусам өөрсдийгөө улс төрийн үйл явцад нөлөөлж байна гэж үздэг болох нь судалгааны үр дүнгээс гарлаа. Судалгаанд оролцогчдын нас ахих тусам сонгуульд санал өгөх нь ихсэж байгаа бол нас залуужих тусам жагсаал цуглаанд оролцох байдал их болдог нь судалгааны үр дүнгээс гарлаа. Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү жагсаал цуглаанд оролцдог байна.
Эх сурвалжийн жагсаалт
•Caprara, G. V. (2017). Personalizing politics and realizing democracy. New York: Oxford University Press.
•Klinger, J. D. (2019). What I like about you: Legislator personality and legislator approval (Vol. 41(2)). Political Behavior.
•McPherson, M. S.-L. (2001). Birds of a feather: Homophily in social networks (Vol. 27). Annual Review of Sociology.
•Rammstedt, B. S. (2013). Personality Changes in Couples. Partnership Longevity and Personality Congruence in Couples. Personality and Individual Differences (Vol. 54(7)).