Согтуу эр, эрүүл чөтгөр хоёрын яриа
Зохиогчийн тухай
А.П.Чехов
Хураангуй
Орчуулан толилуулж буй энэхүү өгүүллийн тухайд Та бүхэн “Төрийн удирдлага шинжлэх ухааны сэтгүүл атал яагаад урлагийн бүтээл хэвлэв” хэмээн гайхах нь зүй ёсны бизээ. Гэвч энэ өгүүллийг эх хэлнээ хөрвүүлэн сэтгүүлдээ хэвлэхээр шийдсэн нь зүгээр нэг санамсаргүй үйлдэл биш юм. Төрийг залах, захиргааг удирдах үйл, үйл явц нь хүний нийгмийн хөгжилтэй нягт холбоотой боловч шинжлэх ухааны судлагдахуун болсноор 100 гаруй жил өнгөрч байна. Төрийн удирдлага бол шинжлэх ухааны ч судлагдахуун төдийгүй “урлаг” юм. Иймд ”Төрийн удирдлага” сэтгүүл улсыг залах, төрийг удирдах арга ухаан, нийгмийн харилцааны үзэгдлийг уран яруу, ёгт байдлаар дүрсэлсэн, төрийн түшээдэд ухаарал, бодрол түгээх зарим урлагийн бүтээлийг уншигчиддаа танилцуулах нь зүй ёсны ажил юм. Ёгт үлгэр, өгүүллэгт өгүүлэх эзэн нь ил ч эргэж ноцож болдоггүй байдлаар бусармагийг жигшүүлж, буяныг таниулдаг учир ардын уламжлалт аман зохиолд ч, орчин цагийн өгүүлэхүйн томоохон байр суурь эзэлдэг. Ялангуяа нийгмийн харилцааны юмс үзэгдлийг ёгт утгаар тайлбарласан урлагийн бүтээлийг уншигчид танилцуулж, агуулгыг хэлэлцэх байдлаар нийгмийн харилцааны зүй тогтол, алдаа мадгийг танин мэдүүлэх нь суралцахуйн энгийн үр дүнтэй аргуудын нэг билээ. Үүний эхлэл болгон нэрт зохиолч А.П.Чеховын “Согтуу эр, эрүүл чөтгөр хоёрын яриа” буюу “Беседа пьяного с трезвым чёртом” ёгт өгүүллэгийг профессор Я.Долгоржавын дуун хөрвүүлгээр толилуулж байна. Энэ өгүүллэгийг орос хэлнээс хөрвүүлсэн профессор Я.Долгоржав төрийг удирдах нь түшээд, зүтгэлтнүүдээс “ур ухаан”, “мэдрэмж” шаарддаг тул төрийн захиргаа, удирдлагын сургалтанд уран зохиол, урлагийн бүтээлийг ашиглан сургах, суралцах боломжтой гэж үздэг судлаачдын нэг юм. Тиймээс ч тэрээр “Төрийн захиргааны удирдлага урлагийн талтай” болох талаар тусгайлан судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлж, төрийн удирдлагын судлагдахуунд хамаарах дэлхийн болон үндэсний сонгодог урлагийн бүтээл, эх сурвалжуудыг онцолж тайлбарлаж уншигчид, судлаачдад гүнзгийрүүлэн судлах чигийг заадаг. Үүний нэг тохиол болгож энэ удаад Та бүхэнд толилуулах өгүүллийг төрийн албан хаагч-түшмэдийн ёс суртахуун, авлигын асуудалтай холбогдуулж кейс хэлбэрээр сургалтанд ашиглах, өгүүлсэн агуулгыг тойруулж өнөө цагийн түшмэдийн ёс суртахууны сэдвээр сонсогчдын дунд мэтгэлцээн өрнүүлж болох талаар дурдаж байв. Толилуулан буй өгүүллийг унших зуур, хатуухан хэлэхэд ёс суртахууны доголдол, доройтлоороо “чөтгөрийг” ч дагуулахааргүй түшмэд мэр сэр байдаг юм биш байгаа даа гэж сэрэмжлэн бодож шүүмжлэн тунгаах ч удаа байлаа. Уншиж эргэцүүлэх явцад уншигч Танаа ч энэ мэт шүүмж төрнө гэдэгт эргэлзэхгүй. Чухамдаа төрийн захиргаа, удирдлагын асуудлыг энэ мэт олон өнцгөөс судалж, судлаачдад гүнзгийрүүлэн судлах шижим өгөхүйц, цуглуулж эмхэлсэн “хагас бэлэн бүтээгдэхүүнүүд” профессорын гар бичмэл дотор бас ч нэлээн байгааг төрийн захиргаа,удирдлагын шинжлэх ухааныг судлах, хөгжүүлэх, асуудлыг танин мэдэхийг хүссэн уншигчдад хүргэх зүйтэй хэмээн сэтгүүлийн редакциас үзэж байгааг дуулгахад таатай байна.
Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, доктор дэд профессор Я.Бямбасүрэн